Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан гэж шүүх үзэв
Шийдвэрийн дугаар: 2023.05.08 ШТ №343
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шийдвэрийн тойм-9
Санамж: “Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж иргэн А-г зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн.
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт цуцлагдсан, хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
Шүүхээс иргэн Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэх судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид дээрх гэмт хэрэг үйлдсэн хүнд 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байдаг. Шүүх Д-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Д-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү
Leave a Reply