Алдармаа нарын 14 хүнд холбогдох шүүх
хуралдаан 16 удаа хойшилжээ
Шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.04.10 №1088 Шүүгчийн захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тойм: №07, 2023.05.09
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээллэн хүргэх зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас Алдармаа нарын 14 хүнд Эрүүгийн хуульд заасан “хахууль авах”, “хахууль өгөх”, “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-нд шүүхэд ирүүлсэн, уг хэргийн шүүх хуралдаан 16 удаа дараах үндэслэлээр хойшилжээ. Үүнд:
- Өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар 7 удаа,
- Хохирогч нараас хүсэлт ирүүлсан шалтгаанаар 1 удаа,
- Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шалтгаанаар 1 удаа,
- Шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шалтгаанаар 1 удаа,
- Өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авч байгаа гэх шалтгаанаар 2 удаа,
- Шүүгдэгч амаржсан шалтгаанаар 1 удаа,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй байгаа шалтгаанаар 2 удаа дараалж,
- Өмгөөлөгч үйлчлүүлэгч нараасаа татгалзсан шалтгаанаар 1 удаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “…шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч ирээгүй…” , мөн зүйлийн 1.4 дэх заалтад “…шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон…”, мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…анхан шатны шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна…” гэж заажээ.
Шүүхээс шүүх хуралдааныг товлохдоо хуульд заасны дагуу хэргийн оролцогч, өмгөөлөгч тус бүрийн саналыг харгалзан үздэг, уг хэргийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан, шүүх дээрх үндэслэлүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү.
Leave a Reply