Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай
Шийдвэрийн дугаар: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/246-х
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023 оны 02 сарын 14-ний өдөр, процесс-тойм: дугаар 6.
Прокуророос яллагдагч Н-д “ … Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Э” ХК, “З Т” ХХК, “Т " ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, яллагдагч Н-д “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, харин яллагдагч Н-д “ … “Э” ХК, “З” ХХК, “Т" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох” прокурорын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь, яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нь ямар хүрээ хязгаарын дотор, ямар төрлийн хязгаарлалтыг яллагдагчид тогтоож буй нь илэрхий ойлгомжтой, тодорхой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байх учиртай. Прокуророос “уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглох” таслан сэргийлэх арга хэмжээг нэр бүхий компаниудын “эрх бүхий албан тушаалтан, ажилтан” гэж тодорхой нэр заалгүй, ерөнхийлөн дурдаж, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан байх тул шүүх уг саналыг хүлээж авахаас татгалзах үндэслэл болов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаардсан, прокуророос яллагдагч Н-ийг ямар албан тушаалтай, хэн гэдэг хүнтэй уулзахыг хориглох саналтай байгаа нь тодорхойгүй байх тул шүүх ийм тодорхойгүй агуулгаар яллагдагч Н-д таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзсэн байна.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Л.Галбадар
Leave a Reply