Тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.Сарангэрэл, Б.Цэнгүүнбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэгт гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 139.7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Улмаар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “AYUD” тауэрын 1 дүгээр давхарт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Улсын яллагч” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад заасан “...шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн...” гэсэн үндэслэлээр яллахаас татгалзсан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “уг хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгуулах байр суурь” илэрхийлж, нотлох баримтыг танилцуулж оролцсон.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд улсын яллагчаас “шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзсэн” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Г.Сарангэрэл, Б.Цэнгүүнбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Leave a Reply