Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн
ялтанд хорих ял шийтгэв
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.03.16 №805 Шз
Шүүхийн процессийн тойм № 05, 2023.03.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Ялтан М шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа 2021 оны 08 дугаар сарын 26, 12 дугаар сарын 28, 29, 2022 оны 04 дүгээр сарын 15, 16, 17, 18, 21, 22, 23-ны өдрүүдэд нийт 10 удаа зөвшөөрөгдсөн бүсээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 51 минутаас эхлэн цахим хяналтын төхөөрөмжийг унтраан хяналтаас гарч, ял эдлүүлэх ажиллагаанаас санаатайгаар зайлсхийжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Аргалтайн уулнаас М-г олж тогтоон 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт авчирсан байна.
Прокуророос ялтан М нь цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж хяналтаас оргон зайлсан үндэслэлээр шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай дүгнэлт үйлдэн хувийн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хорих ялаар сольж биеэр эдлүүлэхээр хуульчилсан байдаг.
Шүүх ялтан М-д холбогдох хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтны өгсөн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул түүний эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав
Leave a Reply