Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байх үед нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Албан үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн ахлах ахлагч С.А нь Замын хөдөлгөөнд Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй оролцож байсан Б.Энь шалгах үед толгойн тус газар нэг цохиж энгэрийн камерыг нь булаан авч, албаны хувцас болох хантааз, мөрдөс зэргийг урж салгасан, мөн тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Н.М-г өмсөж явсан цамцаа тайлан ороолгох зэргээр хууль ёсны тависан шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуульд “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн хүнд 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.

Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд Б.Э-г “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал, хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  

                                                   Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.