Н, Б НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГААТГАВ
2024-12-06 00:00:00 | 215Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/1354
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.12.10 №37
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Н нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Прокуророос Н, Б нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийлүүлэх, түүгээр эмчилгээ, оношилгоо хийх болсон шалтгаан нөхцөл нь Монгол Улсад коронавируст халдварт цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох шаардлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, сайд “ДУБ” ХХК-ийн дээрх компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын аппаратыг тус төвд шилжүүлж суурьлуулсан байна.
Энэхүү хэлцэлд Н нь оролцоогүй, харин Эрүүл мэндийн яам “ДУБ” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардал, өртөгт 400,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ Коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрч, Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардлын төлбөрийг “ДУБ” ХХК-нд шилжүүлсэн нь Шинэ Коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн гэж үзэв.
Тодруулбал, Н, Б нар шууд гэрээ байгуулж худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Н нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар.