СҮХБААТАР ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Сүхбаатарын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Сүхбаатарын районы ардын шүүхийг анх байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар М.Төмөржав, шүүгчээр Ж.Норзод, Г.Долгорсүрэн, Г.Лхамжав, Б.Цэдэн, нарийн бичгийн дарга Ц.Минжмаа, Б.Отгон, бичээч Д.Цэндсүрэн, зарлага Н.Балжирмаа, 25 ардын төлөөлөгч ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.