ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

16 дугаар зүйл.Шүүгчийн нийтлэг бүрэн эрх

16.1.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.шүүх хуралдааныг даргалах;

16.1.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох;

16.1.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах;

16.1.4.хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох;

16.1.5.хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

16.1.6.шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах;

16.1.7.энэ хуулийн 20.1-д заасан Нийт шүүгчийн чуулганд оролцох;

16.1.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;

16.1.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;

16.1.10.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх;

16.1.11.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;

16.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

16.2.Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

16.3.Шүүгч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх, эх хувиар авсан баримт бичгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.

 

17 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

17.1.Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх;

17.1.2.энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

17.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих;

17.1.5.шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;

17.1.6.танхимын тэргүүний ажлыг уялдуулах;

17.1.7.шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх;

17.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

17.2.Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.

17.3.Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.