-1

Шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тухай

2025-02-05 00:00:00    |   834

            Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх     
            Шийдвэрийн дугаар: 2025.02.05  №2024/ШЦТ/400
            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
            Шийдвэрийн тоймын огноо: 2025.02.05 №03
            Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг цагаатгав. 
            Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланг “нийтийн албан тушаалтан нь улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Б.Энх-Амгаланд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих болон торгох ялын төрлүүдээс түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж буй болон хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн 2 жилийн хорих ял, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус оногдууллаа. 

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү
 

. . .