Шүүгдэгч нарт Н.Баатаржав, Ч.Ренчиндорж нарт хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тухай.

 

“Дашваанжил” ХХК-ийн жолооч болон “Nissan patrol” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх дүгнэлт нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв

 

 

Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх     
Захирамжийн дугаар: 2025.04.22 2025/ШЗ/3222

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон. 
Шийдвэрийн тоймын огноо: 2025.04.22 №05

Шийдвэрийн хураангуй:

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

  Нийслэлийн Прокурорын газраас иргэн Н.Б, Ч.Р нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тойргийн шүүхэд шилжүүлсэн.

  Шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгч нар, нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад галд өртсөн 207-р байрны зарим өмчлөгч нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирлоо нэхэмжлэх эрхийг ноцтой зөрчсөн байна.

  Гал түймрийн аюултай нөхцөл байдал үүсгэсэн хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул шүүхээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

  Мөн Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ гэж заажээ. Гэтэл тус ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй байна.

  Түүнчлэн гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар тогтоох шаардлагатай гэж шүүхээс үзэж дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.